Уснаас үүдсэн үймээн

Тухай:

Иемений нийслэл Сана хот бол хэдэн мянган жил хүн тасралтгүй оршин сууж буй, дэлхийн хамгийн эртний хотын нэг юм. Зөнч Мухаммедын үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй гэмээр гудамж, зээлийн газрууд нь саяхныг хүртэл барууны жуулчдын зорьж очдог гол газрын нэг байв. Харин одоо байдал өөрчлөгджээ. Хүн хулгайлах, барьцаалах нь энд хэвийн үзэгдэл болж, олон улсын Элчин сайдын яам, Консулын газрууд иргэдээ тус хотоос явахыг, боломжгүй бол гадуур аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хаа нэг дов толгод тааралдах зах хязгааргүй элсэн цөлд тархай бутархай нүүдэллэж ирсэн Иемений овог, аймгууд гадаадынхныг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхэх нь хэдийнээс л байсан зүйл. Урьд нь барьцааны хүний ширхэг үсийг ч хөндөж болохгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан бол одоо энэ энэрэнгүй хандлага ч өөрчлөгдөөд байна. Арабын орнуудад исламын хэт үзэл, зэрлэг балмад үйлдэл газар авснаас Иемений барьцаалагчид барьцааны хүмүүсээ “Аль-Каида”-д худалдах, эсвэл мөнгөтэй болмогцоо хороож орхих нь нэмэгджээ.

yemen2
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон улс, тэр дундаа барууны орнууд Сири, Иракийн нутгийг эзэлж, хүчирхэгжсэн “Исламын улс” бүлэгт хамаг анхаарлаа хандуулсан. Тус бүлгийн үзэл санаа, харгис хэрцгий үйлдэл эх хөдөлгөөн нь болох “Аль-Каида”-гийнхаас ч давж гарсан тул аргагүй юм. Гэхдээ Осама бин Ладенийг алагдсанаас хойш “Аль-Каида” нам гүм болсон ч бүрэн устаж, үгүй болчихоогүй гэдгийг дэлхий нийт дэндүү удаан мартжээ. Тал тал тийш тарж одсон “Аль-Каида”-гийн дайчид хэд хэдэн бие даасан хөдөлгөөн байгуулаад байгаагаас хамгийн олон дайчинтай, хүч нөлөөтэй нь Арабын хойгийн “Аль-Каида” буюу Иеменд төвтэй AQAP бүлэг юм. Тус улс хэзээд “Аль-Каида”-гийн гол түшиц газар байв. Бин Ладений өвөг дээдсийн эх нутаг гэсэн утгаараа Иеменийг ерөөс исламын шинэ үеийн “ариун дайнч”-дын өлгий гэж болно.

2011 оны Арабын хавраар AQAP бүлэглэл хувьсгалт тэмцлийн үймээн бужигнааныг ашиглан нутгийн өмнөд хэсэгт орших Абьян мужийг эзэлж, Исламын эмират байгуулж байв. Тэднийг Абьянаас гаргах гэж Иемений Зэвсэгт хүчин бүтэн жилийн турш цэргийн тусгай ажиллагаа явуулсан юм. “Аль-Каида”-гийн галыг манагчид түүнээс хойш хэд хэдэн хядлага үйлдэж, хэдэн зуун хүнийг хөнөөсөн ч өмнөх шигээ хүчтэй болоогүй. Харин Иемений “нялх” ардчилал өнгөрсөн оны есдүгээр сард “амь тавьж”, умардын шийт шашинт Хутни овгийнхон хойд зүгээс давшин давшсаар Сана хотыг эзлээд байгаа нь Арабын хойгийн “Аль-Каида”-д дахин нэгэнтээ дураараа авирлах боломж олгоод байна. Иемен дэх “Аль-Каида”-гийнхан яаж ч бутарсан ийнхүү хүч сэлбэн, өндийж босдог нь тус улсын хоорондоо эв эе муутай овог, аймгийнхны сэтгэлийг тэд татаад байдагт оршино. Харин тийн татах шалтгаан нь ус юм.

“Аль-Каида”-гийн шинэ “зэвсэг”

Иемен бол ундны усаар хамгийн их гачигдсан таван орны нэг. Дэлхийн банкны судалгаагаар тус улсын нэг иргэнд жилд ердөө 86 шоо метр цэвэр ус ногддог. Ядуу буурай, ган гачигт нэрвэгдсэн Сомалид гэхэд энэ тоо 572 шоо метр бол хөгжингүй орнуудад, тухайлбал Их Британид нэг хүн жилд дунджаар 2262 шоо метр ус хэрэглэж байна.

Сана хотын өмнөд болон зүүн захын дүүргүүд хутничуудаас гадна AQAP-ийн мэдэлд ороод байгаа нь гагцхүү ундны устай холбоотой. “Аль-Каида”-гийнхан эндхийн ядууст цэвэр ус тараагаад зогсохгүй, худаг гаргахад нь тусалдаг байна. Санагийн 2.6 сая оршин суугч 2019 он гэхэд ундны усгүй болно, цоргоноосоо сард ердөө ганц удаа ус тосдог болно гэсэн Дэлхийн банкны таамаг бий. Харин AQIM буюу Магреб дахь “Аль-Каида”-д AQAP буюу Арабын хойгийн “Аль-Каида”-гийнхан “Нутгийн иргэдийг татахын тулд ундны ус тараах” зөвлөгөө өгсөн нь үүнээс ч муу мэдээ юм. Үүнийг “Associated Press” агентлаг 2013 онд дэлгэж байв. Энэ нь алан хядагчдын арга улам нарийсаж, тэд улам дийлдэшгүй болж байгаагийн нэг нотолгоо. Усны ийм бодлого баримталдаг болохоор л “Аль-Каида”-гийн салбар хөдөлгөөнүүд Африк, Арабын ангаж, цангасан орнуудад шинэ дайч­даар тасардаггүй гэж зарим шинжээч үздэг.

Гэтэл Сана дахь Иемений төв Засгийн газар усны гачигдлыг хэрхэх тал дээр хэт үзэлтнүүдээс хол хоцорчээ. Тус улсын усны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд болоод хэдхэн арваар тоологдох усны шинжээчид нь ундны усны нөөцөд анхаарахыг эрх баригчдаас жилийн жилд хүсэж, шаарддаг ч нааштай хариу сонссон удаагүй. Өнгөрсөн жил гэхэд л Иемений парламент Үндэсний усны хүрээлэнгийн төсвийг 70 хувиар танасан байна.

“Пуужин” Ерөнхийлөгч

Хэдийгээр шууд бус ч энэ шийдвэр одоо үүсээд буй нөхцөл байдалд багагүй нөлөөлжээ. 2012 онд Төрийн тэргүүн болсон ч бүрэн эрхийн хугацаагаа дуусаагүй байхад буюу энэ сарын 22-нд огцорсон Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади умардын хутничууд, өмнөдийн салан тусгаарлагчид болоод “Аль-Каида”-гийн эсрэг тэмцэлд хэдэн зуун сая ам.доллар төсөвлөж, нийгмийн халамжид анхаарахаа больсон нь түүнийг ардын дайсан болгосон байна. Тэрбээр АНУ-аас өндөр үнэтэй их хэмжээний пуужин худалдаж авсан нь иеменчүүдийг бухимдуулж, Ерөнхийлөгчөө “Пуужин” Хади гэж дуудах хүртэл тэвчээрийг нь баржээ.

“Пуужин” Ерөнхийлөгчийн тэнцвэргүй бодлогын хар гайгаар энгийн иргэд хэдэн зуугаараа амь үрэгдсэн юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хамгийн зартай гэмт хэрэгтэн гэх 17 хүнийг хороохын тулд түүний явуулсан пуужингийн халдлагуудаас болж 273 хүн амиа алдсаны 10 нь бага насны хүүхэд байлаа. Иемений болж бүтэхгүй байгаа бүх зүйлд юуны түрүүнд хүн амын хэт өсөлт, тодруулбал 1960 онд тавхан сая байснаа өдгөө 26 саяд хүрээд байгаа гэнэтийн “тэсрэлт” хамгийн их нөлөөлсөн ч иргэдийнхээ үндсэн хэрэгцээ, шаардлага болох ундны усны хангамжийг зохицуулж чадаагүй үе үеийн эрх баригчид одоогийн үймээн самууны хариуцлагыг үүрэх учиртай.

Дээрэм

Иемений эрх баригчид иргэдээ ундны усаар хангаж чаддаггүйгээс гадна ус, газрын маргаанаас болж байнга сөргөөцөлдөх овог, аймгуудын зөрчлийг намжаахад нухацтай ханддаггүй нь маш том алдаа юм. Тус улсын албаныхны тооцоогоор алан хядагчдын гарт амиа алдах хүмүүсээс бараг гурав дахин олон буюу жилд 4000 гаруй хүн ундны усны маргаан, түүнээс үүдсэн үймээн самуунаас болж амь үрэгддэг байна. Гэтэл Иемений албаныхан дорой буурай аймгуудын нутгаас ус татаж, хэзээд эрх баригч овгийнхонд үйлчилж иржээ. Зэвсэглэн босож, өдгөө төрийн ордонд эзэн суугаад байгаа хутничууд нэг талаар өвөг дээдсийнх нь нутаг болох Садахаас гүнийн ус их хэмжээгээр “олборлосон”-ы өшөөг авч буй юм. Байгаль эхийн өөрийгөө сэргээж, ус “үйлдвэрлэх” хугацаанаас 12 дахин хурдаар Садах нутгийн гүнийн усыг сорж дуусчээ. 30 жилийн өмнө эндхийн хаа ч өрөм зооход 100-гаад метрийн гүнээс цэвэр ус ундардаг байсан бол өдгөө энэ гүнийн хэмжээ 1200 метр болсон байна. Усаа дээрэмдүүлэхийг хүсээгүй хутничууд эрх баригчдаа эсэргүүцэн бослого, тэмцэл өрнүүлсэн нь олонтаа. Харин тэднээс болж өдгөө төрийн эргэлт, эмх замбараагүй байдал үүсээд байгаа нь хутничуудын тэвчээр барагдсаны илрэл юм.

“Аль-Каида”-гаас улам хараат болж, байдлыг улам хурцатгахгүйн тулд, дахин намжмал байдал тогтлоо гэхэд түүх давтуулахгүйн тулд хувийн эзэмшлийн худаг, ус түгээх газруудад хяналт тогтоож, ус хангамжийн нэгдсэн системээ сайжруулах шаардлагатайг олон улс Иеменд зөвлөдөг. Сана хотыг жишээ татвал тус хот оршдог хөндийд хувийн мэдлийн 14 мянга гаруй худаг байдаг байна. Хэдийгээр Ерөнхийлөгч Хадийн үед Засгийн газар тэдгээрийг журамлаж, усны чанарыг сайжруулахаар НҮБ болон Нидерландын Засгийн газартай хамтран гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон ч улс төрийн одоогийн тогтворгүй, тодорхойгүй байдал эл ажлыг баллаж орхилоо.

Иемений Усны асуудал эрхэлсэн сайд асан Абдул Рахман аль-Эраяни хэдэн жилийн өмнө улс орноо хавцлаас унах гэж байгаа хүнтэй зүйрлэж байв. “Чухам хэзээ вэ гэдэг нь л сонин болохоос унаж үхэх нь тодорхой. Салан тусгаарлагч, алан хядагчдаас өмнө усгүйн зовлон л биднийг сүйрүүлнэ” гэсэн түүний үг энэ цаг үед биелж мэдэхээр байна.

Г. Лхагвадулам

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Уснаас үүдсэн үймээн”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats