Ядуурлын шалтгаан – Африкийг цөлмөн хулгайлж байгаа нь

Тухай:

Оригинал нэр: Stealing Africa : Why is Africa so rich in resources yet so poor

Нэр: Африк тивийг цөлмөн хулгайлж байгаа нь : Яагаад Африк нөөц баялагаар маш баян мөртлөө ядуу буурай байгаа вэ

Гарсан он: 2012.12 сар

Найруулагч: Christoffer Guldbrandsen

Энэ баримтат киноны тухай товчхон:

Яагаад Африк тивийн улсууд /Азийн Монгол шиг/ байгалийн нөөц баялагуудаараа асар баян мөртлөө одоо болтол ийм ядуу буурай байгаа юм бэ гэсэн асуултыг Та өөртөө тавьж хариултыг нь олохыг оролдож байсан уу?!

Харин тэгвэл энэхүү асуултыг голдуу тус тивийн одоогийн энэ асар ядуу дорой аж байдал, хөөрхийлөлтэй хувь заяаг өөрчлөхийг хүсч байгаа африкчууд ч, мөн энэхүү “хачин жигтэй” байдалд дан ганц африкчуудыг буруутгаж байдаг барууныхан ч бас адилхан тавьдаг байна. Тэгээд энэхүү хачин жигтэй байдлын талаархи мэдээллүүд дэлхийн “чөлөөт” хэвлэл мэдээлэлүүдэд байсхийгээд л гардаг боловч эдгээр барууны хувийн “эрх чөлөөт” хэвлэлүүд мөн чанартаа дэлхийн олон нийтийн ойлголт ухамсарт африкчуудад л бүх бурууг тохоод өнгөрөөдөг билээ. Гэвч тэдний энэ бүх башир жүжиглэлтүүд нь африкчуудыг 400 гаруй жил ийм ядуу дорой байдалд барьж байгаа барууныхныг дэлхийн олон нийтийн нүдэн дээр хариуцлагаас чөлөөлж байдаг тэдний амар хялбархан арга чарга нь төдий ажээ…

Африк тив бусад тивийн улс орнуудтай харьцуулахад байгалийн болон ажиллах хүн хүчний нөөц баялагуудаараа асар их баян, хөгжингүй улс орнууд байж болох байсан ч яагаад одоо болтол ийм ядуу буурай байгаа вэ гэсэн асуултанд данийн баримтат кино бүтээгч Кристофер Галдбрандсений бүтээсэн “Африк тивийг цөлмөн хулгайлж байгаа нь” нэртэй энэ баримтат кино хариулж байна. Кристофер энэ баримтат кинондоо Баруунд аваачин сургаж тэндхийн неолиберал шашнаар хүмүүжүүлсэн, дараа нь элдэв аргаар  шантажилж далдуур худалдан авсан, хожим улс орных нь засгийн эрхэнд гарган тавьсан цөөхөн урвагч эрх баригчдаар нь дамжуулан Африк тивийн улс ард түмнүүдийг цөлмөн мөлжиж ядуу буурай барьж байгаагийн ганцхан жишээ болгож Щвейцарийн “Glencore” компани Замби улсад хөрөнгө оруулж тэндхийн /Оюу толгой шиг/ зэсийн уурхайн олборлолтоос асар олон тэрбум долларын ашиг унагаж байхад харин энэ жижигхэн улс дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын нэг байсаар байгааг, гадаад өрөнд улам гүн гүнзгий унасаар байгааг бодитоор харуулдаг.

Замбийг ийм ядуу дорой нөхцөл байдалд ороход хүргэж мөн энэ уурхайнуудыг нь барууны хөрөнгө оруулагч нарт зуучлан маш хямдхан худалдахад Олон улсын валютын сан, Дэлхийн банк бас л хутгалдсан байгааг олж мэдээд та бүхэн одоо нэг их гайхахгүй болсон биз ээ! Эдгээр байгууллагууд олон улсын, дэлхийн гэх мэт худал башир нэр хаягтай боловч үнэн хэрэг дээрээ англи-америкийн цөөн хэдхэн олигархууд, үндэстэн дамжсан хувийн банк, хувийн корпорациудын эрх ашгийг зүтгүүлж тухайн улсын хууль болгож өгдөг хүйтэн дайны зэвсэг нь юм.

Хэзээ Африкийн цөөн хэдхэн баян эрх баригчид нь /мөн манай цөөн хэдхэн олигарх эрх баригчид ч ялгаагүй/ эдгээр “хачин жигтэй” байгууллагуудад чухамдаа “дөрлүүлж” тэднээр улс орноо хэрхэн авч явахаа шууд заалгаж эдийн засгийн алуурчдынх нь “зөвлөгөөнүүдийг” алгаа хавсран мөргөж авч тэдгээрийг нь бүүр хууль болгож дээдлэн ажиллахаа болих юм бол оо?!

Эсвэл улстөрийн энэ “хорхойтнууд”-д маань Монгол улс – Эх орны маань эрх ашиг, түмэн олны маань амь амьдрал, хойч үеийн маань ирээдүй огтхон ч падгүй, харин тэд биднийгээ ямар ч байсан, яадаг ч байсан, юунд нь хүргэж байсан мөнх “жолоодсоор” л байхыг хорхойсоод байгаа юм болов уу?!… Тэдний “соёлжиж иргэншсэн” бас “хамгийн ардчилсан” гэж ухуулж сурталчилаад байдаг Барууны эрх баригчид аливаа алсын зорилготой далд явуулгуудаа дандаа “шудрага, сайн сайхан” мэт сонсогдох уран гоё уриа лозунг, сүртэй нэр хаягуудаар халхавчлан молиго үмхүүлж улс орон ард түмнийг нь заавал “хувийн” иймээс (!) “чөлөөт” гэгч хэвлэлүүдээр тархийг нь хавтгай угааж байгаад эдийн засаг, хүн ардынх нь бүтээж байгаа болон байгалийн баялагийг нь далдуур “сорж” ирсэн хоёр нүүртний бүх түүхийг нь олж мэдэж ойлгож ухаараагүй байгаа гэж үү дээ?!…

Тэд ардчилал, чөлөөт зах зээлийн тухай уран сайхан уриа лозунгийн доор бусад улс орнуудад орж ирэн “татгалзах аргагүй санал тулгаж” өмч хувьчлал, чөлөөт зах зээл-ийн жам гэгчээрээ халхавчлан улс орны урьд өмнөх бүх аж үйлдвэрлэл, нийгмийн баталгааг нь самарч эвдэн бусниулж мөн эрх баригчдыг нь айлган сурдүүлж эсвэл хуйвалдан хахуульдаж авдаг бөгөөд хувийн “чөлөөт” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ  мөн өөртөө аваачиж сургасан хөлсний үзэл сурталчдаараа түмэн олны тархийг өдөр шөнөгүй угаалгаж зөвхөн өөрсөддөө л ашигтай, улс үндэстэнд туйлын хор уршигтай нийгмийн санал бодол, уур амьсгалыг далдаас сэм бүрдүүлсээр байгаа билээ…

Энэ тэдний неолибералч бодлогууд нь Африк болон дэлхийн бусад улс орнуудын [урьд өмнө нь байсан] улстөр-эдийн засгийн суурь үндсүүдийг эвдэн бусниулах сөрөг нөлөө үзүүлж байгаа нь өнөөгийн энэ “даяарчлал, либералчлал, чөлөөт зах зээл”-ийн бодит үнэн үр дагаврууд билээ. Энэ бүхний эцэст эдгээр улс орнуудыг гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай байдалд шахан оруулдаг бөгөөд үүний үр дүнд эдгээр улсуудаас мөнгө капитал, эд баялаг нь барууны улс орнууд уруу зогсоо зайгүй урссаар байгаа нь харин бодит үнэн юм.

Та бүхэн энэ тухай өөр нийтлэлүүдийг интернетээс олоод уншаарай. Үүнд:

  1. Impoverishing a Continent (Нэг тивийг ядууруулж туйлдуулж байгаа нь)
  2.  How the IMF, World Bank and Structural Adjustment Program destroyed Africa (Хэрхэн яаж ОУВСан, Дэлхийн Банк болон Бүтцийн Өөрчлөлтийн хөтөлбөр нь Африкийг сүйрүүлсэн бэ)
  3.  Globalization 101: Why is the IMF controversial? (Даяарчлал 101: Яагаад ОУВСан их маргаантай, эргэлзээтэй байгууллага вэ)

ОУВСан, ДБанк 1990-ээд оноос эхлэн БНХАУлсад ч эдгээр неолибералч бодлогуудаа тулган зөвшөөрүүлэхийг оролдож байсан ч хятадын коммунист эрх баригчид хүлээн аваагүй учир тэд тэнд ямар ч амжилт олж чадаагүй билээ! Чухамдаа барууны энэ неолибералч бодлогуудыг нь хүлээн аваагүйнхээ ачаар өнөөдөр коммунист Хятадын эдийн засаг дэлхийн № 2 хүчирхэг эдийн засаг болсон ба өнөөгийн энэ хямралын үед хамгийн тогтвортой бас хамгийн хурдтай өсөлттэй байгаа нь бас л хэн ч маргах аргагүй бодит байдал билээ. Тун удахгүй Хятад дэлхийн №1 эдийн засаг болно гэж дэлхийн томоохон эдийн засагчид үзэж байна… 1990-ээд онд БНХАУлс ямар байсан, иргэдийнх нь амьдрал ямар байсан, харин бид ямар байснаа эргэн нэг санаарай…..яагаад …..яагаад…..яагаад…..??!

… Ruschlikon бол маш бага татварын орчинтой, иймээс маш баян оршин суугчидтай, оффшор улс – Щвейцарийн нэг кантон-тосгон юм. Энэ тосгонд щвейцарийн “Glencore” компанийн ерөнхий захирал Айван Глазенберг амьдран суудаг байна. Чухамдаа энд тус компани бүртгэлтэй, иймээс тэр энэ тосгоны төсөвт татвараа төлдөг байна.

Рушликон бол баян чинээлэг амьдралтай газар аа. Эндхийн хүн бүхэн баян цатгалан амьдрах бүх нөхцлүүд бүрдсэн. Гагцхүү бид нар энэ байдлаа нууцалж бусдад  мэдэгдэх  ёсгүй юм” гэж энэ кантоны засаг дарга нь хүмүүстээ захидаг байна. /Учир нь энэ “муужгай” хэний махыг хулгайлж идэж байдгаа сайн ойлгож мэдэж байдаг гэсэн үг юм!/

Ер нь Щвейцарийн баян цатгалан байдгийн “нууцуудын” нэг бол энэ улс сүүлийн 100 гаруй жил оффшор банкинг улс байсаар ирсэнд байгаа юм. Энэхүү бодит байдал нь тийшээ  хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдээс /авилгал хээл хахууль, зэвсгийн болон хар тамхины наймаа, хүмүүсийг хулгайлан боолчлолд худалдах, янханы наймаа гэх мэтээс/ олсоор байгаа асар их бохир мөнгө урсаж тэндхийн банкууд уруу орон сураггүй болдог ба үүнийг “банкны нууц” гэгчээрээ хаацайлдаг бөгөөд энэ их бохир мөнгө тус улсын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болж бас тэдэнд шимтгэл, хөлс төлж байдаг гэсэн үг юм….

Щвейцарийн “Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн олборлолтоос маш их мөнгө хийдэг тул тус компанийн бүртгэлтэй тэр тосгоны ахлагч нь энэ компаниас тосгоны төсөвт маш багахан хувиар татвар төлж байгаа ч орж ирж байгаа асар их мөнгийг нь бүгдийг нь зарцуулж бардаггүй ажээ! Харин тэгвэл энэ бүх нөөц баялагийн эзэд – Замбийн хүн амын 70% нь өдөрт 2 ам.доллараас бага орлоготой амь зууж байгаа ба хүн амын 80% нь ажилгүйдэлд нэрвэгдсэн, архинд орсон, өвчин эмгэг газар авсан байгаа ажээ…

Энэхүү баримтат киног бүтээгчид Барууны үндэстэн дамжсан компаниудын хэрэглэдэг татварын бохир аргуудыг нь илчилж тэдний хувьд ер нь “хичнээн хувийн ашиг авбал шударга байх юм бол оо” гэсэн асуултыг тавьж байна. Африкийн ардчилсан эрх баригчид барууны хөрөнгө оруулагчдыг бүх талаар нь хамгаалж хаацайлж байдаг байна…

Замбийн байгалийн нөөц баялагууд, түүний дотор зэс, алтны баялаг нь энэ улс орныг огтхон ч баян чинээлэг, хөгжилтэй болгоогүй ажээ. Замбийн бараг бүх уул уурхай, бүх зэсийн уурхайнууд одоо барууны үндэстэн дамжсан корпорациудын мэдэлд лизенц нэрээр орчихсон байгаа ба сүүлийн 10 жилд тэндээс гаднын компаниуд 29 тэрбум долларын зэс, алт олборлож гадагши нь зөөсөн ч энэ ядуу улсад маш бага татвараар энэхүү их орлогын өчүүхэн хэсэг нь оногдож үүний үр дүнд Замби улс гадаад өр зээлэндээ улам баригдсаар байгаа ажээ.

Тэгвэл яагаад энэ бүх баялаг нь Замби дахь ядуурлын түвшинг бууруулахгүй байгаа хэрэг вэ? Дахиад л асуудлын зангилаа нь энэ улсын хууль тогтоогчид, эрх баригчдыг хахуульдаж тулгаж захиалсан ашигт малтмалын ба татварын багц хуулиуддаа байгаа ба тэгээд энэ хуулиудыг нь “ардчилсан” мөнгөний сонгуулиар гарч ирсэн түшмэдүүд нь “дээдлэн” ажиллаж байгаадаа байгаа аж! Замбийн хувьд гаднын хөрөнгө оруулагчид элдэв бохир арга бачуудаар татвараас зугтааж мөн орлогоо нуун шуудхан татварын оффшор диваажин гэгддэг улсууд уруу гаргаж байгаа нь асуудлын нэг хэсэг нь юм…

Өнөөдөр Барууны корпорациуд тэдний “ачаар” ядууралд унасан,  дорой буурай болсон улс орнуудын татвараас бүрэн зугтан зайлж чадаж байгаа ба үүнийгээ тэд “хөрөнгө оруулалтын таатай орчин” гэж тавлан нэрлэдэг ба харин олон судлаачид “одоо нэг жилд энэ улсуудаас 160 гаруй тэрбум долларыг нь луйвардаж байна” гэсэн тооцоог хийсэн байна.

Эдгээр ядуу буурай орнуудад үзүүлж байгаа “буцалтгүй тусламжийн” гэж тун зальжин нэрлэсэн 1 ам. доллар бүр нь тэр улсаас 10 ам.долларын баялагийг нь гадагш хаман гарч байх нөхцлийг тулгаж хүлээн зөвшөөрүүлж байж өгсөн байдаг байна. Үүний үр дүнд гадагш урсаж байгаа энэ их мөнгө капитал бол тэндхийн хүн ардын эрүүл мэнд, сургууль боловсрол, тэтгэвэр тусламж мөн дэд бүтцүүдэд орох ёстой байсан, тэр улсын ард түмний хууль ёсны мөнгө капитал нь юм!

Харин “ардчилсан”, “чөлөөт зах зээлийн”, “соёлжиж иргэншсэн” гэж ухуулаад сурталчилаад байдаг барууны улсууд бусад улс ард түмнүүдийг ийм нөхцөл байдалд элдэв арга бачаар молгидон зориуд шахаж хийчихээд дараа нь тусламжийн өгөөмөр донорууд болж жүжиглэн “хөнгөлттэй зээлүүд”, “буцалтгүй тусламжууд“-аа өгч хэзээ ч төлж баршгүй улам гүн гүнзгий өрийн ангалд унагадаг аргатай ажээ. Чухамдаа үүнийг л эдийн засгийг алах (энэ тухай номуудыг олж уншиж өнөөгийн бодит байдлаа сэхээрч ухаарах цаг хэдийнэ болсоон!) гэдэг бөлгөө…

Улс Эх орны маань эдийн засаг бол бид бүхний амьдралын нөөц баялаг, хөдөлмөр зүтгэлийн маань үр шим, өнөөгийн бидний амь амьдрал мөн хойч үеийн маань ирээдүй билээ!?

… Glencore компани хөрөнгийн зах зээл дээр IPO хийж гарсны дараа урьдчилан тооцоогүй энэ их орлогод нь ноогдуулсан (щвейцарийн энэ тосгон маш бага татварын хувьтай боловч!) татварын орлого нь асар их байсан тул энэ их мөнгийг тосгоны захиргаа тухайн жилдээ зарцуулж амжихгүй болсон байна. Тэгээд тосгоны ахлагч нь татварын багахан хувиа дахиад 7%-р бууруулах санал гаргасан байна.

Гэвч тэндэхийн нэгэн оршин суугч өөр нэг зарчмын санал гаргасан ажээ. Тэрээр татварын хэмжээг 5 %-иар бууруулахыг санал болгож энэхүү санал болгож байгаа 7%-иас гарах зөрүү болох 2%-г нь “Glencore”компанийн үйл ажиллагаануудаас зовж хэлмэгдсээр байгаа Африкийн тэр нутгийн хүн ардуудад үзүүлэх бодит тусламжид зарцуулах санал гаргасан байна.

 

Ингээд тэр тосгоны эрхэм оршин суугчдыг цуглуулан хуралдсан ч тэд нар Африкт ямар нэг юмыг нь буцааж өгөхийн эсрэг “ардчилсан” саналаа өгсөн ажээ. Энэ тосгоны баян чинээлэг оршин суугчид ийнхүү Африкийн байгалийн баялаг, хүн ардынх нь хөлс хөдөлмөрөөс “унагасан” бүх ашиг, мөнгө хөрөнгийг бүгдийг нь өөрсөддөө үлдээх “хүний эрх, эрх чөлөө”-гөө эдэлсэн байна…

Энэ бол ганцхан ийм тохиолдол биш ээ! Африк тивийн өөр хаана ч очсон байсан та бүхэн тэр улсын байгалийн нөөц баялагуудаас нь орж байгаа ашиг орлого нь энэ бүх баялагийг нь олборлоход зуучилж орсон байгаа барууны үндэстэн дамжсан корпорациудтай харьцуулбал улам бага ноогдох болсоор байгаа гэдэгт бат итгэлтэй байж болноо! Үүний зэрэгцээ Барууны корпоратив хувийн + хараат бус + чөлөөт хэвлэлүүдийн байнгын хүчин чармайлтаар дэлхийн олон нийтийн ойлголт төсөөлөл дотор “Африк тивийн энэ улсууд гадаадын хөрөнгө оруулагчдаас боломжийн өндөр татвар авдаг, мөн гаднаас их хэмжээний мөнгө хөрөнгө тэдэнд тусламжаар өгдөг, тэгээд энэ улсууд энэ их мөнгийг зүгээр л улс орондоо, хүн арддаа зарцуулан “хөгжиж” байгаа, мөн барууны орнууд нэн шаардлагатай байгаа ямар ч тусламжийг тэдэнд үзүүлэхэд хэзээд бэлэн, маш өгөөмөр байдаг” гэсэн нэг ташаа ойлголтыг зориуд их өргөн тараасан байдаг. Гэвч энэ баримтат кинонд Африкаас гадагш урсан гарч байгаа баялаг хөрөнгө капиталын хэмжээ нь энэ тивийн улсуудын авч байгаа татвараас мөн гаднаас “тусламж”-аар өгч байгаа тэр мөнгөнөөс даруй 10 дахин их байдгийг харуулж байна!

Үндэстэн дамжсан компаниуд ямар ямар бохир арга замуудаар Африк тивийн улсуудыг шимэгчлэн мөлжиж байдгийг мэддэг хүмүүс ч гэсэн “Африкийг цөлмөн хулгайлж байгаа нь” гэдэг энэ баримтат киног үзээд бүүр шоокинд орох биз ээ.

Хэрэв дараа хэн нэгэн энэ бүх ажилгүйдэл, ядуу буурай байдал, элдэв өвчин зовлон өлсгөлөнгөөс болж тэнд хүмүүс бөөн бөөнөөрөө үхэж үрэгдэж байгаад Африкийг дангаар нь буруутгахыг оролдох юм бол эсвэл энэ тивийн улсууд ямар их тусламж авдаг гээч хэмээн бүр тэд дайтаж “тоглох дуртайдаа” л байнга алалдсаар байгаа гэж “тэнэг байх эрх чөлөөгөө” эдлэн гонгинох юм бол Та түүнд шууд л “Африкийг цөлмөн хулгайлж байгаа нь” баримтат киног үзэхийг, тэгээд энэ бүхнийг мэдэж ойлгож байж гонгинохыг тэр долдойд зөвлөөрэй.

Замбийн туулсан зам:

  1. 1930-аад оноос Замби улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлж ирсэн ба одоо зэсийн нөөц баялагаараа дэлхийд 3-рт ордог, гэвч дэлхийн хамгийн ядуу буурай 20 орны нэг байсаар байгаа.
  1. ОУВСан, Дэлхийн банкнаас “Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дараа энэ улс орны урьд өмнөх эдийн засгийн суурь бааз нь сүйрэн унаж шамшигдаж үрэгдсэн байна. Одоо Замбийг зөвхөн уул уурхайн орлогоосоо төсвөө бүрдүүлж амьдрах “чөлөөт” зах зээлийн загварт шахан оруулсан байгаа.
  1. 2001 оноос уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт орж ирж хувьчлал явагдсан ба үүний хажуугаар уулс уурхайн хууль дүрмүүд, татварын хууль эрх зүйн орчин нь “чөлөөтэй + тааламжтай” болж өөрчлөгдсөн байна.
  1. Одоо Замбиас гадаадын компаниуд жил бүр асар их зэсийн баяжмал, алт болон бусад дагалдах үнэт түүхий эдүүд  олборлон гадагш гаргаж олон тэрбум долларын ашиг унагаж байгаа хэдий ч тус улс энэ орлогоос нь өчүүхэн бага татвар авдаг хуультай болгосон байгаа. Ийм байдалд хүн ард нь улам ядуурч нийгэмд нь эмх замбааргүй байдал газар авч нийгмийн амьдралын бүх салбарт – эрүүл мэнд, боловсрол, хүнсний хангамж, дэд бүтэц гэх мэт салбаруудад нь хуйвалдаан хээл хахууль ялзрал задрал газар авсаар байгаа ажээ…
  1. Ийм “урхинд” орсон улс орнуудад өөр зам гарц байгаа юу? Байгаа! байх байхдаа бүр хэд хэдэн! Харин энэ бүх арга замууд, улстөр-эдийн засгийн онол загваруудыг барууны “үл үзэгдэгч гартай” эдийн засгийн боловсрол сургалт гэгч, хувийн “чөлөөт” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь халхалж  өдөр шөнөгүй тархины угаалгууд цацсаар байгаад ард түмэн нь үүнийг мэдэхээ ойлгохоо бүр больсон, харин улстөрчид эрх баригчдыг нь далдуур худалдан авсан байгаа ажээ….

Энэ бол 400 гаруй жил капиталист гүрнүүдээс тулгасан “чөлөөт зах зээлийн” замаар замнасан, өнөөгийн “эрх чөлөөт, ардчилсан” Африк тивийн үнэн нүүр царай юм.

Эх сурвалж: http://bolor.info/documentary-films/40-discovery/306-stealingafrica

0 Сэтгэгдэл бичэх: “Ядуурлын шалтгаан – Африкийг цөлмөн хулгайлж байгаа нь”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats