Томас Пикети – 21-р зууны капитал

Тухай:

Thomas Piketty бол 2006 онд Францын шилдэг сургуулиудын хамтран байгуулсан Парисын Эдийн Засгийн Сургуулийн профессор бөгөөд саяхан түүний олон орны судлаачидтай хамтран гаргасан “Сapital in the Twenty-First Century” гэдэг ном сүүлийн үед академик хүрээнд хурц маргаан өрнүүлж байгаа ажээ.

Ялангуяа барууны үзэлд эдийн засгийн тэгш бус байдал буюу баян хоосны ялгарал бол аливаа улс орны эдийн засаг хөгжих явцад гардаг зайлшгүй нэг үзэгдэл гэж үздэг. Эдийн засаг нь өсч улс орон нь хөгжөөд ирэхээр тухайн орны иргэдийн энэхүү ялгарал буурч тэгширдэг гэж үзэх бий. Ийм ажиглалтааа статистик тоон аргаар нотолж онол гаргасан жүүд гаралтай Америкын эдийн засагч Simon Kuznets-ийг хүмүүс мэдэх байх. Эдийн засагт үүнийг нь “Кузнецийн муруй” ч гэдэг. Үүгээрээ 1971 онд Нобелын шагнал хүртсэн. Энэхүү онолыг улс орнуудын нийгэм эдийн засагт гарч буй олон сөрөг үзэгдэлүүд тэр дундаа баян хоосны ялгарал ихсэх нь жам ёсны зүйл хэмээн зөвтгөх шалтгаан болгодог. Гэтэл энэ онол нь зарим нэг орны жишээ дээр ойролцоо байж болох ч бусад улс орнуудад тийм байдаггүй хэмээн олон судлаачид шүүжилдэг.

Үүнд Thomas Piketty болон олон орны судлаачид оролцон хийсэн судалгааны үр дүн энэхүү ном ямар хамаатай юм гэхээр түүний тэргүүлсэн энэхүү судалгааны баг нь 20 улс орны сүүлийн 200 жилийн эдийн засгийн холбогдолтой мэдээллийг судалж дүгнэлт хийжээ. Дүгнэлт нь капитализмын үр дагавар болох тэгш бус байдлын талаархи Кузнецын онолоос бараг эсрэг гэж болохоор байна. Гол санаа нь капитал бол харалган бөгөөд түүнд бид хэт найдаж эдийн засгийн үл үзэгдэгч гар тэгш бус байдлыг арилгана гэж найдах буруу гэдгийг хэлжээ. Хамгийн энгийнээр хэлвэл хүмүүсийн хийдэг энгийн дүгнэлт болох баян нь улам баяжаад ядуу нь улам ядуурахыг хэлж байна гэж ойлгож болно.

Европын улс орнуудын жишээн дээр гэхэд сүүлийн 200 жилд 1950иад оноос 1970аад оны сүүль үеийг эс тооцвол бусад үед нь тэгш бус байдал байнга өсч иржээ. 18, 19р зууны Европ, Америкт гэхэд баян хоосны ялгаа асар их, нийгмийн маш гүнзгий хямралуудтай байсаар ирсэн. Эдгээрээс үүдээд энэ үеүүдэд Европт Францын Хувьсгал гэх мэт нийгмийн том үйл явдалууд болсон. Энэ байдал үргэлжилсээр Европ тив Дэлхийн 1р дайн, Октябрын хувьсгал, Дэлхийн 2р дайн гэх зэрэг үйл явдалуудтай учирсан. Энэ бүх үйл явдалуудад тухайн үеийн нийгмийн амьдрал түүнд хамаатай хэт тэгш бус байдал зэрэг нь шууд ба шууд бус утгаар маш их нөлөөлсөн. 20 зууны эхээр Орос гэхэд Европын хамгийн ядуу бөгөөд баян хоосны ялгаа асар ихтэй улс байсан. 1917 Октябрын хувьсгал түүнээс үүдсэн явдалуудын шалтгаан гэхэд үүнтэй шууд холбоотой. 19р зууны үеийн Европын нийгмийн амьдрал тэр дундаа ядуусын хүнд бэрх амьдрал, баян хоосны ялгаа ямар байсныг мэдэхийг хүсвэл Charles Dickens-н Викториа хатан хааны эрин үеийн Английн амьдралыг харуулсан “Оliver Twist”-г уншиж болно. Энэ мэтчилэн тухайн үеийн ниймийн ядуусын хүнд бэрх амьдралууд тухай бичсэн олон арван зохиолууд байдаг. Өнөөдөр гэхэд Монголд маань ч гэсэн асар олон Оливер Твистууд бий.

Дээр дурьдсан зүйлүүдээс болоод Дэлхийн 2 том дайнтай учирч асар том хямралууд болсны дараа үүнд нэрвэгдсэн дэлхийн улсуудад хувийн өмчийн нөлөө болон түүнээс ашиг олдог хөрөнгөтнүүдийн эрх мэдэл хумигдаж эдийн засаг нийгмийн амьдралд олон зүйлс төрийн буюу олон нийтийн мэдэлд шилжсэн. Олон орнуудад урьд нь хувийн байсан олон зүйлсийг олон нийтийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Эдгээр улс орнуудад үүнийг дагаад төрөөс санхүүжүүлсэн асар их бүтээн байгуулалтууд хийсэн. Үүнийг дагаад тухайн улс орнуудад энгийн хүмүүсийн амьдрал эрс дээшилж эдийн засгууд нь өссөн. Энэ тааламжтай үед буюу 1945-аас 1970аад он хүртэл Европ, Америкын хүн ам эрчимтэй өссөн бөгөөд англиар энэ үеийнхнийг “Baby boomers” гэдэг. Яг ийм үеүүдэд хүмүүсийн амьдрал дээшилж баян хоосны ялгаа буурсан байгаа юм. Энэ байдал 1980 он хүртэл буюу дэлхий дахинд нео-либерал бодлого буюу чөлөөт зах зээлийн онол эрчимжиж эхлэх хүртэл үргэлжилсэн. Ингээд нео-либерал бодлого дэлхий дахинд хүчтэй болсноос хойш баян хоосны ялгаа дахин эрчимчиж эхэлсэн. Бодит амьдрал дээр би ийм байдлыг хаа сайгүй харж байгаа. Сүүлийн 20 жилийн Монголын амьдралаас ч харж болно.

Хөрөнгөтнүүд бий болоод зарим хүмүүс баяжаад ирэхээр тэдгээр хүмүүс нь бизнесээ өсгөөд ажлын байр бий болгоод түүгээрээ улс орноо хөгжүүлээд бусдыгаа татаад явдаг гэж их ярьдаг. Хүн байгалиасаа амин хувиа хичээгч тул аливаа юм хувийн л өмч бол цэцэглээд улс/олон нийтийн л бол уруудан доройтоод байдаг гэж мөн номлох бий. Ийм учраас бүх зүйлийг хувийн өмч болгон бизнес хийх орчныг таатай, бүх юмыг хэний ч хяналтгүй чөлөөтэй болгоход зах зээлийн үл үзэгдэх гар бүх юмыг цаанаасаа зохицуулчихдаг гэдэг. Үүнийгээ бас эрх чөлөөний онол ч гэцгээдэг. Адам Смитээс авахуулаад Милтон Фридмений үе хүртэл дээрх гол шинжүүдийг агуулсан энэ үзэл баримтлалын хамгийн сүүлийн хэв шинж нь нео-либерал онол юм. Монголд ч гэсэн энэ онол бусад пост коммунист орнуудын адил орж ирээд сүүлийн 20 жил та бидний амьдралыг удирдаад явж байна. Энэ онол нь өөрийн шүтэн бишрэгч, аялдан дагагчдаар дамжаад манай орны эдийн засаг нийгмийн бүх салбарт гүн шигджээ. Бид үр дагаварыг нь ч сайн мэдэхгүй хэрнээ өөрсдийн мэдэлгүй нэгдэж орсон энэхүү нео-либерал мега төслийг туршигч улс болоод даруй 20 жил аль хэдийн болжээ. Энэ хугацаанд гарч буй нийгмийн бүх сөрөг үзэгдлүүдийг “Шилжилтийн Үе” гэдэг эзэн биегүй этгээдэд чихдэг болов. Шилжилтийн үе л учраас хэт тэгш бус байдал, ядуурал, авилгал хээл хахууль гэх мэт нийгмийн бүх муу муухай зүйлс зайлшгүй байх ёстой гэж ойлгоод сүүлдээ энгийн үзэгдэл болов. Зарим хүмүүс баян хүн л улс төрд орох юм бол хээл хахууль авахгүй шудрага байх юм шиг ярьдаг байв. Хөрөнгөтнүүд л засгийн эрх авбал улс орон хөгжих юм шиг ойлгодог байлаа. Гэтэл 20 жил үргэлжилж буй энэ шилжилтийн үед дээрх зүйлс бодит амьдралд тийм ч нийцэхгүй болохыг харлаа.

Эрх мэдэл ч тэр, капитал-эд хөрөнгө ч тэр аль аль нь харалган бөгөөд аливаа хяналт зөв зохицуулалтгүй бол нөлөөгөө улам нэмж эрчимжиж байдаг. Хүмүүс хэт их эрх мэдлийн төвлөрөл ямар үр дагавартайг илүү ойлгодог. Гэтэл яг үүний нөгөө үзүүрт байгаа хэт их капиталын төвлөрөл мөн аюултай. Энэ номын гол дүгнэлт бол бид цаашдаа анхааралтай хяналтгүй байх аваас капиталын төвлөрөл улам их төвлөрөлийг үүсгэж байна гэдэг дүгнэлтийг сүүлийн 200 жилийн тоон мэдээлэл дээр тулгуурлан гаргасан юм. Иймээс олон улс болон Монголд ч тэр өөрчилөлт гарахгүй бол баян хоосны ялгаа улам гүнзгийрэхийг урьдчилан анхааруулж байна. Монголд ядуурал буурч байгаа гэдэг. Гэтэл өдрийн орлого нь зөвхөн 2 доллараас дээш гарсныг ядуу биш боллоо гэх юм бол энэ бол бодит бууралт биш юм. Гэтэл 2 долларын ядуурал буурахын хирээр хүн амийн 1%-н орлого сая сая доллараар сансарын хурдаар тасарч байгаа нь бид ямар эрүүл бус, тогтворгүй нийгэмд амьдарч буйг илтгэх. Энэ байдал цааш үргэлжилвэл Монголд олон 7 сарын 1-ний үйл явдал, Мөнхбаярын хэрэг шиг зүйлүүд болно.

Оргилхүү

0 Сэтгэгдэл бичэх: “Томас Пикети – 21-р зууны капитал”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats